ЭМНЭЛГИЙН 84 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА

 In Мэдээ мэдээлэл

ЭМНЭЛГИЙН 84 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА
“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлага, албан хаагч нар энэхүү эмнэлгийн түүхийг бичилцсэн хүндэт ахмадуудаа 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Эмнэлэг дахин сэргээн байгуулахад хамгийн ихээр баярлаж байсан хүмүүс бол яахын аргагүй ахмадууд маань юм. Гавьяаны амралтанд гарсан ахмадууд маань жилд энэ л өдөр бүгд цуглан, хууч хөөрөн нэг өдрийг сайхан өнгөрүүлдэг.
Уг өдөр эмнэлгийн албан хаагчид ахмадууддаа ая дууны ерөөл өргөн, сэтгэлийг нь дуу хуураар мялаасан юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр эмнэлгийн одоогийн үйл ажиллагаа, шинэ тоног төхөөрөмж, хамтын ажиллагаа, цаашдын зорилго, удахгүй хэрэгжих гэж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, мөн тэднийхээ өгсөн үнэтэй сургааль, зөвлөгөөг хүлээн авсан юм.
Ахмадууд эмнэлэг дахин сэргээн байгуулагдан, үйл ажиллагаагаа өргөн цар хүрээтэй, шинэ зохион байгуулалттай явуулж байгаад үнэхээр сэтгэл өндөр байгаа төдийгүй, цаашид эмнэлэгтээ туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.