ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АХМАДУУД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙЛАА

 In Мэдээ мэдээлэл

ЯАМНЫ ХАРЬЯА АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН АХМАДУУД СЭТГЭЛ ӨНДӨР БАЙЛАА
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын санаачлагаар “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан яамны харьяа 12 агентлаг, байгууллагаас гавьяаны амралтанд гарсан ахмадуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 29-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулагдсан.
Эхний өдөр нь Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гээд 4 байгууллагын нийт 260 ахмад хамрагдсан байна.
Хоёр дахь өдөр нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хил хамгаалах ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын нийт 290 ахмад хамрагджээ.
Гурав дахь өдөр нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль сахиулах их сургуулийн гавьяаны амралтанд гарсан нийт 210 ахмад хамрагдсан байна.
Үзлэгийн үеэр давхардсан тоогоор 3905 ахмадад 8 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, ЭХО, зүрхний бичлэг, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, В,С вирусын илрүүлгийн шинжилгээ, биеийн жингийн индекс тодорхойлох, ясны сийрэгжилт тодорхойлох, пульс үзэх зэрэг үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.
Үзлэгт хамрагдсан ахмадуудын хувьд сэтгэл хангалуун, өндөр байсан бөгөөд эмнэлэг шинэ байртай болсонд талархалтай байгаа талаар илэрхийлж байсан юм.